Буруу хурьцлын нүглийг цээрлье

Бэлгийн хүрд
Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулна. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшигтгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой.

Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн үйл үйлдэхэд хийн судасны гүйдлээр дамжин тухайн хүмүүсийн хийн гүйдлүүд харилцан уялдаж, тэр нь бие махбодын бүхий хэсэг, эд эрхтэнд харилцан нөлөөллөө үзүүлж байдаг байна. Тиймээс өвчтэй, сэтгэлдээ зовлон тээсэн, нүгэл ихтэй, явалдах зохисгүй хүнтэй явалдваас тэрхүү хийн судсаар дамжин зөвхөн бэлгийн халдварт өвчин аваад зогсохгүй, бүх эд эрхтэн өвчлөх, хийморь лундаа доройтох, сэтгэлийн гүйдэл буруудах зэрэг муу, сөрөг нөлөө ихтэй.

Биеэр үйлдэх буруу хурьцлын нүгэл
Бэлгийн үйлийг буруудуулваас хүчтэй хатуу өвчин, зовлонгийн үндэс болдог учраас буруу хурьцал нь арван хар нүгэл буюу түүн дотроо биеэр үйлдэх гурван нүглийн нэг болдог.

Явалдах зохисгүй хүн: Бусдын эхнэр, эмэгтэй хувраг, эцэг, эхийнхээ халамжинд байдаг охин, цус нэгт ах дүүс, төрөл садан. Мөн эхнэр, нөхөртэй хүмүүс явалдах зохистой хүн байсан ч эхнэр, нөхрөөс өөр хүнтэй явалдах.

Орон бус: Дээдийн ном, суварга шүтээний дэргэд, оронгийн эзэн, багш дээдэс, эцэг эхийн дэргэд, нялх балчир охин, хүүхдийн дэргэд, олон хүний нүдэн дээр ил задгай үйлдэх.

Цаг бус: Сарын тэмдэг ирэх үе, төрөх сар гүйцсэн хөл хүндтэй эмэгтэй, эв түнжингүй үе, сэтгэл таагүй үе, хурьцаж үл болох хүнд өвчтэй үе, хоногийн сахил сахих үе, өдрийн цагаар гэх мэт эдгээр нь буруу хурьцал бөгөөд зовлонгийн шалтгаан болно.

Top