Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална

1457477_546665098799979_1501939405673809014_n

-Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Богд Зонхавын дүрийг урлаж, Манба Дацан хийдэд зална-

Бидний нэрлэж заншсанаар Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр” 11-р сарын 24-нд тохиож байна. Богд Зонхава /1357-1419 он/ VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшинаа хураах ёсыг үзүүлж, жанч халсан байдаг. Энэ цагаас хойш жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг “Зулын хорин таван буюу Богд ламын дүйцэн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр мацаг барьж, арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншиж, зул өргөж буян үйлдвээс өргөсөн буян нь түм бум болон арвиждаг номтой.
Энэ жилийн дүйцэн өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран “Түвд урлагийн гурван гайхамшиг үзэсгэлэн”-г Монгол Улсад зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, Богд Зонхава болон түүний шавь нарынх нь дүрийг урлан бүтээж, 11 сарын 26-ны 11.00 цагт Манба Дацан хийдэд залах юм.

Гүмбүм нь тосон урлалаараа алдартай бөгөөд бурхан, тахил, балин хийх өв их уламжлал, олон зуун жилийн түүхтэй хийд юм. Гүмбүмийн лам нарын урласан бурхан, балин тахилыг бурханы шашинтнууд төдийгүй урлаг судлаачид гайхан шагшдаг билээ. Тэр дундаа “Түвд урлагийн гурван гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Богд Зонхава болон түүний хоёр шавийг тосоор урласан бүтээл машид алдартай юм. Тиймээс нийслэлийн сүм хийдүүдийн лам хуврага, судлаачид энэхүү үйл ажиллагаанд морилон ирж, туршлага солилцон, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бүрэн боломжтой юм.
Мөн сүсэгтэн олон та бүхнийг Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, тосон урлалын гайхамшгийг үзэн баясаж, бурхан шүтээндээ тахил өргөн оролцохыг урьж байна.
Шарын шашныг үндэслэгч, Түвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгүүн эрдэмтэн лам Богд Зонхава Лувсандагва бээр Түвдийн Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха буюу Сонгины амт хэмээх газарт VI жарны улаагчин тахиа жил 1357 онд мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь бооход шунх дусал дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь газар дэлхийд залахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган гарчээ. Тэрхүү модны навч холтос бүр дээр нь “Сэнгэ аро” хэмээх бурханы хөрөг, түвд номын үсгүүд зурсан юм шиг тодрон гарч ирсэн гэдэг. Иймийн тулд тэрхүү мод “Гүмбүм” буюу “Буман бурханы лагшин” хэмээх нэртэй болж, ард иргэд ихэд шүтэн бишрэх болжээ. Энэ цагаас хойш Гүмбүм нь Зүүн Түвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалдаг байжээ. Тиймээс ч хашаа хамгаалалт тойруулан бариулж, хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулжээ. Удалгүй энэ хийд Түвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татрахгүй ариун дагшин газар хэвээр байсаар байна.
Богд Зонхава Лувсандагва VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд нас сүүдэр 63-тайдаа 1419 онд ”Сундуйн жүд” судраас айлдаж байгаад жанч халж, нигуураас нь саран мэт их гэрэл гарч, уг гэрэлд бие нь улам бүр хайлан багассаар шашин амьтны тусын тулд дүрст биеийг номын лагшинд хураан, бурханы хутгийг үзүүлжээ.

Top