Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн

Баянгол дүүргийн өндөр настан Д.Хоролсүрэн Манба Дацан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэн, энэхүү нийтлэлийг илгээснийг уламжилъя. 

Би 2012 онд Япон улсын Токио хотод тархины мэс засалд орж, 7 хоног эмнэлэгт хэвтсэн юм. Шимузи хэмээх алдартай мэс засалч намайг зорьж ирсэн гадны хүн гэдэг утгаар тусгайлан хүлээн авч, төлөвлөгөөнөөс гадуур мэс заслын баг бүрдүүлэв. Энэ нь хүн хүнийхээ төлөө үзүүлсэн хүндэтгэл байлаа. Тэнд надад зориулж хийсэн нэр хаягтай хоол, эмийн үйлдвэрээс зориулж савласан эм өгч, хагалгааны дараа бүхэл бүтэн шинжилгээний баг ажиллаж, цаг тутамд цус, шээсний шинжилгээ авч, нойргүй хонож байгааг нь хараад үнэхээр бахдах сэтгэл төрж билээ.

img_8854-copyҮүн шиг бахдах, баярлах сэтгэлийг Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхдээ би дахин мэдэрлээ. Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, ёс зүй, хандлага нь миний өмнө хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгүүдээс /I, II, III эмнэлэг, Баянгол дүүргийн эмнэлэг/ илүү өвөрмөц, өвчтөндөө хүнлэг энэрэнгүй, бодь, асралын сэтгэлээр ханддаг аж. Түүнчлэн эмчлүүлэгчдээ зурхайчид үзүүлж, бясалгалын өрөөнд хийдийнх нь лам нар ирээд балин тахилаа бэлдэж засал номыг нь уншаад, бие, сэтгэлийг нь ариусгадаг цогц үйлчилгээтэй дэлхийн жишигт хүрсэн эмнэлэг болжээ.
Д.Нацагдорж хамба ламтай уулзан, биеэ үзүүлэх боломж надад олдсон юм. Өглөө нь гадаад руу нисэх гэж байж надад цаг гарган үзэж, бүр надад зориулж тусгай жороор эм бэлдүүлж байгаад явсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүн Монголын эрдэм соёлын салшгүй хэсэг монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээ, заслын арга ухааныг цогцлоон сэргээхээр сэтгэл зүрхээрээ ханцуй шамлан зүтгэж 1991 онд уламжлалт анагаах ухааны анхны хувийн сургууль байгуулан өдгөө өөрийн бааз Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэр, дотуур байр, лабораториуд, музей, анагаах ухааны Манба Дацан хийд, эм тарималжуулах хөдөөгийн бааз бүхий сурах судлах боломж бүрэн бүрдсэн оюутны хотхоныг байгуулж чаджээ.
Манба Дацан эмнэлэгт хэвтэж байх энэ хугацаанд гэртээ байгаа юм шиг ая тухтай байлаа. Гал тогооноос нь надад зориулсан хар шөл, тусгай хоол ирээд л, дэвтээлгэ эмчилгээнд сувилагч ирж аваад л, өглөө оройд дасгал бясалгал хийгээд, эмч, сувилагч нар нь бурханы номыг ёс жаягаар нь сүрхий уншицгаах юм. Гал тогоонд орж эм тангаа буцалгаж уугаад, хүсвэл өөртөө цай чанаж ууна. Ер нь дураараа, хүссэнээрээ сайхан үйлчлүүллээ.

img_5638Миний эмч Ч.Ичинхорлоо. Харахад залуу ч хэрсүү, ажилдаа гаршсан. Ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг, хурдан шаламгай. Манай бусад эмнэлгүүдэд эмч гэхээрээ л мэдлэгийн оройд гарчихсан юм шиг хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл манай эмч тийм биш. Намайг хэвтэн эмчлүүлж байхад Хамба лам Д.Нацагдорж, зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэг, эмнэлгийн дарга Д.Найдан нарт үзүүлж эмчилгээнийхээ талаар зөвлөлдөн, Оточ Манрамба Их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан Өвөрмонголын Н.Бүрэнтогтох гэж эмчийг авчран зүү тавиулж, бусдын зөвлөгөө, эмчилгээг хүндэтгэн санал солилцож эмчилсэн. Уламжлалт эмчилгээг хийлгэхэд архаг хууч нь хөдөлж, өвчтөний сэтгэл эмзэглэх мөчид эмч хүн уян зөөлөн зан харьцаа, сонсох чадвар, шийдвэртэй үгсээрээ өвчтөний сэтгэлийг зөөллөж, эргэлзээг арилгаж, эм, эмчээ шүтэж, итгэлцсэний үндсэн дээр эмчилгээ үр дүнд хүрдэг юм байна.
Дэвтээлгэ эмчилгээнд орохдоо 59 настай Ишин гэдэг 3-р курсын оюутан дадлага хийж байхтай нь таарлаа. Толгойтын Зүүн салаанаас хичээлдээ явдаг гэнэ. Замын бартаа түгжрэл ямар билээ, ёстой л нэгэн үзүүрт сэтгэлээр жигүүрлэж яваа хүн юм. Сувилахуйн ангид сурч, төвд хэл үзэж байгаа аж. Өдий насандаа суралцаж байгааг нь сонирхтол өөрийнхөө тухай биш 64 настайдаа эмч болохоор суралцаж байгаа монгол эмэгтэйн тухай хуучлан ярив. Бас Оточ Манрамба Их сургуулийн Их эмчийн 5-р курст сурдаг 79 настай Сантора Магсаржав гэгч франц хүний талаар ч ярилаа. Тэрбээр хятад, монгол хэлтэй, Өвөрмонголд эмч байсан хүн гэнэ. Сурахад оройтдоггүй аж. Энэ эмнэлгээс миний мэлмий нээгдэж, аливааг өөр өнцгөөс харж, алсыг харах талбайгаа томруулаад гарлаа.

img_7252

Мөнгөний хомсдолд орсон бухимдуу, утаатай тоостой Улаанбаатарын маань зүүн хойно гэрэл гэгээ гийсэн, хүмүүнийг дотроос нь гэгээрүүлж эрүүлжүүлэх ийм нэгэн цогцолбор байна. Энэ олон жил хаагуур нь явж байснаа гайхах юм. Энд тэндгүй л ахмадыг үнэгүй амраана, 50 мянган төгрөг тушаагаад 6 хоног эмчлүүлээрэй гэсэн уриа дуудлагаар явсаар энэ бие хямарч, олигтой тууштай эмчилгээ авалгүй ужгирчээ.
Монголын уламжлалт соёлын чухал хэсэг, унтарч бөхөж байсан оношилгоо эмчилгээний аргыг сэргээн бүрэн цогц эмчилгээ үйлчилгээг нэг дороос өгөх цогцолборыг байгуулсан төрд данстай, түмэн олонд өгөөжтэй, дэлхийд гарцтай энэхүү байгуулагыг өдий зэрэгт хүргэсэн Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорждоо болон зөвлөх эмч Г.Одонцэцэг, эмнэлгийн дарга Д.Найдан, эмч Ч.Ичинхорлоо, Д.Отгонбаатар, Ц.Тэмүүлэн, Б.Тэмүүлэн, сувилагч Ж.Ариунжаргал, С.Пүрэвдорж, 4-р курсын оюутан Б.Мөнгөнцэцэг, Б.Оюунтунгалаг, тогооч Л.Наранцэцэг, Б.Цогтбаатар нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
Бидний бага залууд хэрэглэж байсан биомицин, сульфадиамицин, стрептомицин, фталозол зэрэг олон эм тарианууд цагийн шалгуурыг даалгүй эмчилгээнээс хасагдаж байна. Хүмүүс өдрөөс өдөрт антибиотикоос холдож судсаар оношлох, биеийн бүх эд эсийг цогцоор нь сууриар нь эмчилдэг уламжлалт эмнэлгийг сонгож байгаа энэ үед Манба Дацан эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан, Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутан та бүхэнд их ирээдүй, ажлын байр, бизнесийн орчин, сурч судлах, хүнийг эрүүлжүүлэх их боломж байна шүү, суралцаад бай гэж хэлмээр байна.

Баянгол дүүргийн өндөр настан Д.Хоролсүрэн

“Уламжлалт анагаах ухаан” сонин 

/Та уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл авахыг хүсвэл “Уламжлалт анагаах ухаан” сониноо захиалан уншаарай.

Захиалгын индекс-101227/

%d1%82%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%b9

Top