“Түвд урлагийн гурван гайхамшиг”-ийг урлаж эхэллээ

dsc_1243
Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг маргааш буюу 11 сарын 26-ны 11.30 цагт Манба Дацан хийдэд нээж, олон түмний хүртээл болгох гэж байгаа билээ. Тус бүтээлээрээ алдартай Гүмбүм хийдийн тахилч лам нар өчигдөр Монголд морилон ирж, өнөөдөр Манба Дацан хийд дээр бүтээлээ урлаж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа тус үйл ажиллагаагаар тосон урлалын гайхамшигийг сүсэгтэн олонд таниулан сурталчлах, сүм хийдүүдийн лам хуврага, судлаачидтай туршлага солилцох ач холбогдолтой юм.

dsc_1254

БНХАУ-ын биет бус соёлын өвд 2006 онд бүртгэгдсэн балин урлаг нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будаг гаргаж урладаг Буддын шашны их таван ухааны Урлахуйн ухаанд хамаарагддаг урлал юм. Тэр дундаа Гүмбүм нь тосон урлалаараа ихэд алдартай бөгөөд бурхан, тахил, балин хийх өв их уламжлал, олон зуун жилийн түүхтэй хийд юм. Гүмбүмийн лам нарын урласан бурхан, балин тахилыг бурханы шашинтнууд төдийгүй урлаг судлаачид гайхан шагшдаг билээ. Тэр дундаа “Түвд урлагийн гурван гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Богд Зонхава болон түүний хоёр шавийг тосоор урласан бүтээл машид алдартай юм.

Сонирхуулахад, Гүмбүм хийд нь шарын шашныг үндэслэгч, Түвдийн мэргэдийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгүүн эрдэмтэн лам Богд Зонхаватай салшгүй холбоотой хийд юм. Богд Зонхава Лувсандагва бээр Түвдийн Амдо нутгийн Хөх нуурын орчим Зонха буюу Сонгины амт хэмээх газарт VI жарны улаагчин тахиа жил 1357 онд мэндэлжээ. Түүнийг төрөөд хүйсийг нь бооход шунх дусал дуссан газар аав нь уламжлал ёсоор ихэсийг нь газар дэлхийд залахад тэр газраас нь анхилуун сайхан үнэрт цагаан зандан мод ид шидийн мэт урган гарчээ. Тэрхүү модны навч холтос бүр дээр нь “Сэнгэ аро” хэмээх бурханы хөрөг, түвд номын үсгүүд зурсан юм шиг тодрон гарч ирсэн гэдэг. Иймийн тулд тэрхүү мод “Гүмбүм” буюу “Буман бурханы лагшин” хэмээх нэртэй болж, ард иргэд ихэд шүтэн бишрэх болжээ. Энэ цагаас хойш Гүмбүм нь Зүүн Түвдийн хамгийн ариун мөргөлийн орон болсон байна. 3-р Далай лам уг модны тухай хүүхэд ахуйдаа нэн шимтэн таалдаг байжээ. Тиймээс ч хашаа хамгаалалт тойруулан бариулж, хожим нь түүний дэргэд Гүмбүм Жамбаалин хийдийг байгуулжээ. Удалгүй энэ хийд Түвдийн хамгийн нэр нөлөөтэй номын хүрээ болсон бөгөөд эдүгээ ч сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татрахгүй ариун дагшин газар хэвээр байсаар байна.

dsc_1241

dsc_1246

dsc_1257

dsc_1258

Top