Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

8-1

Элэгний өвчинг УАУ-ы онолд идээунд эс шингэснээр тунгалаг цөв холилдон элгэнд тамир болж чадахгүй муу цус дэлгэрэх, хүчтэй хатуу явдал мөрийг хэтрүүлэн үйлдсэнээс болж үүсдэг. Халуун исгэлэн идээ унд болох архи, айраг, өөх тостой хоол хэтрүүлэн идэх, хүнд хүчир ажил хийх, халуун болон чийгтэй хүйтэн газар удаан хугацаагаар байх зэрэг явдал мөрийг үйлдэх нь элэгний өвчин үүсэх гол нөхцөл болно. Элгийг “Хатан эрхтэн” хэмээн нэрлэдэг. Хаан эрхтэн нь зүрх бөгөөд элэг нь зүрхийг цусаар тэтгэж байдаг тул хатан эрхтэн хэмээжээ. Энэхүү зүйрлэл нь элгийг эрүүл байлгах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. УАУ-д элэгний үндсэн 18 өвчин байдаг гэж үздэг. Эдгээрээс 13 нь халуун өвчин, 5 нь хүйтэн төрлийн өвчин байх бөгөөд үүнийг дурдвал,
Элэгний халуун 13-д:
1. Лэвганжай-Элэг дэлгэрэх
2. Дэмвү-Элэг бүдүүрэх
3. Дүгтав-Хор харших
4. Чү шор- Ус алдах
5. Гүнвү – Элэг унах
6. Ор лүн – Элэгний цус сувагт унах
7. Ха лүд- Ам цалгих
8. Шүнрэн – Гол хөших
9. Чиндүм нагво-Элэгний хар хэрэх
10. Чиннад халгэм-Элэгний халгэм өвчин
11. Чинди гар-Цагаан өрцний өвчин
12. Чинди наг-Хар өрцний өвчин
13. Надчин зажэр-Элэгний аньс гэмтэж судсанд сарних

Элэгний хүйтэн 5 өвчинд:
1. Чинлүн -Элэгний хий
2. Чин гүд- Элэг доройтох
3. Ландан – Чийгт хүйтэн
4. Лан гүр – Үхэр бөгтөр
5. Данбой – Хүйтнээр хөөх юм.

Элгэнд голцуу Гүргүм 7, тэр дундаа Чогдун буюу дээд гэсэн тодотголтой Гүргүмийг хэрэглэдэг. Мөн Гиван 9 зэрэг элэгний эм гэсэн тодорхойлолттой, хэрэглэх заалттай олон жор бий. Эдгээрийг тухайн эмчлүүлэгчид тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний хувьд хануур заслыг хийдэг. Хануур заслыг шинийн 1-30-ны хооронд хийхдээ сүлд нь аль судсанд байна, хутганы ир өдөр байна уу, үгүй юу гэдгээс хамаарч хийнэ. Хануур хийхийн өмнө хүний сайн муу цусыг ялгах тан өгдөг. Муу цус гэдэг нь өвчний, сайн цус гэдэг нь гаднаас шим тэжээл авч, эд эрхтэнг шимжүүлдэг тамирын цус юм.
Элэгний өвчтэй хүн халуун исгэлэн, шарсан хайрсан хоол ундыг тохируулж идэх хэрэгтэй. Хамгийн гол нь улиралдаа тохируулж шингэц сайтай хоолыг идэх, хүчтэй хатуу үйлийг бага хийх, болж өгвөл ядрахгүй байх хэрэгтэй. Хоол шингэх үйл ажиллагааг анхаарах нь элэгний өвчнөөс урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Элэгний өвчтэй хүн аль болох шингэц сайтай хоол идэж, халуун, хүйтэн өвчнөөсөө шалтгаалаад хонь, үхрийн махыг зохицуулж идэх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд хоолны шингээлтийг сайжруулах эм байдаг. Түүнийг хэрэглэсэн ч болно. Ер нь дотор өвчин нь хоол эс шингэхээс үүсдэг. Ходоод нь идсэн хоолыг ялзалж, шимтэй зүйл нь цусаар шимэгдэн элгэнд очдог бол нөгөө хэсэг нь цөв болон гадагшилдаг. Тиймээс ходоодны үйл ажиллагаа муудах нь элэгний өвчлөлд нөлөөлдөг гэж хэлж болно. Элэгний өвчтэй хүмүүс уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт хандаж, УАУ-ы оношлогооны аргуудаар оношлуулан тохирох эм танг ууж, засал эмчилгээг хийлгэж болно. Манба Дацан эмнэлгийн хувьд элэгний өвчинг үр дүнтэй эмчилж байсан туршлагатай. Тухайлбал, элэгний цирроз гэсэн оноштойгоор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байсан нэгэн өвчтөн Манба Дацан эмнэлэгт хандаж, тан ууж эхэлснээр мэс засалд орох шаардлагагүй болж эдгэсэн. Мөн гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудаас элэгний өвчнөө эмчлүүлэхээр олон хүн хандаж байсан.

Бэлтгэсэн: УАУ-ы их эмч Б.Орхонбаяр

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин

МУЭСТ Манба Дацангаас эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сониноо захилан уншаарай.

захиалгын индекс – 101227

%d1%82%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%b9

Top