Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй

love-hug-couple-desktop-wallpapers

Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулдаг. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшитгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой.
Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх нь судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн үйл үйлдэхэд хийн судасны гүйдлээр дамжин тухайн хүмүүсийн хийн гүйдлүүд харилцан уялдаж, тэр нь бие махбодын бүхий л хэсэг, эд эрхтэнд харилцан нөлөөллөө үзүүлдэг байна. Тиймээс өвчтэй, сэтгэлдээ зовлон тээсэн, нүгэл ихтэй, явалдах зохисгүй хүнтэй явалдваас тэрхүү хийн судсаар дамжин зөвхөн бэлгийн халдварт өвчин аваад зогсохгүй, бүх эд эрхтэн өвчлөх, хийморь лундаа доройтох, сэтгэлийн гүйдэл буруудах зэрэг муу, сөрөг нөлөө ихтэй.
Мөн уламжлалт анагаах ухаанд бэлгийн үйлийг хэрхэн үйлдэх асуудлыг бие махбодын онцлог, цаг улиралтай уялдуулан авч үздэг. Өвлийн улиралд нар умардад шилжихэд сарны хүч арвидан хүний биеийн шар үсний сүв хаагдан, дотоод галын илчийн хүч ихсэж, бодисын солилцоо ихэвхждэг. Энэ үед биеийн дархлаа сайн байдаг учраас өвөл бэлгийн үйлийг хориглохгүй байж болно.
Хавар нар аажмаар өмнөдөд шилжиж биеийн галын илч, бодисын солилцооны үйл ажиллагаа, хүч тамир аажмаар доройтдог бол намар нар аажмаар умардад шилжих явцад биеийн галын илч, бодисын солилцоо туйлдаа хүртэл доройтсон байдлаас аажмаар дээшилж байдаг. Тиймээс хавар, намрын улиралд бэлгийн үйлийг хоёр хоног өнжөөд үйлд хэмээжээ. Харин зуны улиралд нар өмнөдөд шилжин нарны хүч туйлдаа хүртэл ихсэж, сарны хүч доройтдог. Энэ үед хүний биеийн шар үсний сүв нээгдэж, үүний улмаас биеийн гал илч гадагшилж, дотоод илч буурдаг. Ингэснээр бодисын солилцооны үйл явц доройтож, биеийн дархлаа хүч тамир суларна. Тиймээс зуны улиралд бэлгийн үйлийг сард хоёроос дээш удаа үйлдэх нь зохисгүй хэмээн үздэг. Мөн сарын тэмдэг ирэх үе, төрөх сар нь гүйцсэн жирэмсэн эмэгтэй, өвчнөөр илтэд шаналан зовсон үед бэлгийн үйлийг үйлдэхийг цээрлэнэ.
Бэлгийн үйлийг буруудуулвал олон муу үр дагаврыг авчирдаг. Хүн төрөлхтөний амьдралдаа цээрлэж байх ёстой арван хар нүглийн нэг нь бэлгийн буруу явдал юм. Эхнэртэй, нөхөртэй хүн бусадтай явалдах, өөрөө гэрлээгүй ч бусдын эхнэр, нөхөртэй явалдах, эсвэл хадамд гараагүй, эцэг, эхийн халамжинд байдаг охидтой явалдах нь бэлгийн буруу явдлын нүгэлд тооцогдоно. Мөн дээдийн ном, бурхан шүтээн, суварга, гэрийн эзэн, багш дээдэс, эцэг эх, үр хүүхдийнхээ дэргэд, өдрийн цагаар үйлдэх нь нүгэл болно хэмээн энэ талаарх олон зүйлийг судар номонд айлджээ.
Бэлгийн үйл нь хийн үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах, үр хүүхэд тогтоон, удам угсааг залгамжлуулах зэрэг олон сайн талтай тул илүүдүүлж, буруу
дуулахаас цээрлэн бие махбодын хүч тамир тэнхээ, ёс зүйн хэм хэмжээнд зохистой үйлдэх нь чухал юм.

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин

МУЭСТ Манба Дацангаас эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сонинг захиалан уншаарай. Захиалгын индекс – 101227

%d1%82%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%b9

Top